Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 11. 01 цаг 22 минут

        Арван долдугаар жарны “цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн зуны дунд сар айлчлан ирж буй цаг дор “ХЭНТИЙН МЭДЭЭ СОНИН”-ны шинэхэн дугаарыг дэлгэн уншиж буй Их Монголын эх түүхийн голомтыг сахин суугаа нийт Хан Хэнтий нутгийн ахан дүүс танд болон таны гэр бүлд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс бие эрүүл, билэг хурц, ажил амьдрал тань амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

         Хэнтий аймгийн нутгийн зөвлөл 1992 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Хан Хэнтий нутгийн уугуул, суугуул иргэдийн нийтлэг хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг ханган, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүсгэл санаачлагыг дэмжин,  аймаг, сум, орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран ажиллаж ирсэн билээ.  Нутгийн зөвлөлийн үе үеийн дарга, дэд дарга нар, удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид, сумдын зөвлөлийн дарга нарын сэтгэл зүтгэл, санаачлагаар олон арван бүтээлч ажлууд хийж хэрэгжүүлсэн түүхтэй.

 

           2016 оноос Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, зорилго зорилтоо тодорхойлон “Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье”, “Нэг Хэнтий-нэгдмэл хүч” уриан дор  олон талын оролцоог жигд ханган, амжилттай хамтран ажиллаж ирлээ. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн санаачлага, оролцоогоор эхлүүлсэн “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк цогцолбор томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нутгийн зөвлөлөө удирдан ажилласан тэргүүн, бодлогын зөвлөлийн дарга, тэргүүлэгчдээс Хан Хэнтий нутгийн бахархалт их түүхийн үргэлжлэл  болж, төрийн сайд нар, Монгол улсын 30, 31, 32  дахь Ерөнхий сайд, Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч төрөн гарсан  онцгой түүхэн цаг үе тохиосонд төрөлх нутгийн түмэн олны нэгдэл нягтрал, ерөөл буян, эрхшээгч их эрчим хүч бүхий  ариун дагшин  уул усны ивээл хэмээн билэгшээж байна.

 

            Ирэх он жилүүдэд Хан Хэнтий нутгаасаа төрөн гарсан болон орон нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгчид, нутгийн зон олон малчин түмэн, баялаг бүтээгчидтэйгээ нэн тэргүүнд хамтран ажиллах тэдний бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ түвшинд гаргахаар зорин ажиллаж байна.

 

            Монгол хүн бүрийн сүсэглэл хүндэтгэл, бахархал омгорхлын зүрхэн тольтод шүтээн болон оршигч Өндөр дээд Бурхан Халдун уулын тэнгэр өнөд ивээх болтугай. 

 

            Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ДЭД САЙД, ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН

ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БАТБАЯР

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв