Туслах малчин 3 өрх тутмын 2 нь амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай байна


Туслах малчин 3 өрх тутмын 2 нь амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай байна
2021 оны 08 сарын 15. 07 цаг 56 минут

Хүний эрхийн Үндэсний Комисс Туслах малчдын нийгмийн байдал, хүний эрхийн судалгааг анх удаа хийжээ. “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн зохицуулагч С.Болдтой ярилцлаа.

-Туслах малчдын судалгааг Монголд анх удаа танайх хийжээ. Судалгааны зорилго юу байв?

- Туслах малчдыг чадавхжуулах төсөл Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтарсан санхүүжилтээр 2020 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Чадавхжуулна гэдэг нь дэмжинэ гэсэн үг. Тэднийг дэмжсэнээр өөрсдийн суурь эрхийнхээ талаар бага ч гэсэн ойлголттой, өөртөө итгэлтэй болж, ажил, амьдралын хандлагаа бага ч гэсэн өөрчлөх улмаар эрхээ шаарддаг, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа мэддэг, ажил олгогчтойгоо гэрээ байгуулах хэмжээний наад захын ойлголт мэдлэг, чадвартай болгоно гэсэн үр дүн хүлээж байна. Тийм ч учраас ХЭҮК “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл болон хүний эрхийн хэрэгжилт” судалгааг анх удаа хийлгэж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусгаж, шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн бариад байна. 

- Туслах малчдын хүний эрхийн хэрэгжилтийн талаар Монголын парламент ямар шийдвэр гаргах шаардлагатай гэж ХЭҮК үзэв? 

- Таван асуудлыг санал болгосон. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд туслах малчинтай байгуулах гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг тусгах шаардлагатай байна. Хоёрдугаарт, “Туслах малчин” ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, “Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт” (ҮАМАТ)-д албан ёсоор оруулах явдал юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч, түүний гэр бүлийн гишүүн нь туслах малчны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх, ажлын байраар хангах үүргийг хуульчлах хэрэгтэй.

Бас нэг хөндөгдөж буй асуудал нь туслах малчдын цалин хөлс, ажил амралтын цаг, нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын хөлийн татварын асуудлаарх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгцээ юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2019 оны 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар баталсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” Монгол Улсын санаачилсан тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрсдэлт бүлэг болох туслах малчин эмэгтэйчүүдийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх талаар УИХ-аар шийдвэр гаргуулахаар санал болгоод байна. 

-Танай судалгааны тайлангаас үзэхэд нэлээд ноцтой асуудал хөндөгдсөн байсан. Тухайлбал, туслах малчид болон тэдний гэр бүл хүчирхийлэлд өртдөг, эрх нь ноцтойгоор зөрчигддөг тухай бичсэн байсан? 

- Юуны өмнө туслах малчны дүр төрх, тэдний нийгэм, эдийн засгийн байдлыг үндэслэлтэй гаргаж тавилаа. Судалгаагаар “Туслах малчдын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд доогуур, амьдралын боломж муутай, олон хүүхэдтэй, боловсрол багатай, амьдралдаа арчаагүй, зан авир тааруу, буруу үйлдэл гаргачих гээд байдаг, орлого, өмч хөрөнгийн хувьд харьцангуй буурай, бусдаас хараат байх магадлалтай хүмүүс дийлэнх (жилийн орлого хувь малчдаас 2 дахин, ажил олгогч малчдаас 3 дахин бага) хувийг эзэлж байна” гэж нийтлэг дүр төрхийг тодорхойлжээ. Олон хүн сайнтай муутай байдаг, яахав зарим нэг хүний зан авир, байр байдлыг нийтэд нялзаах гэсэн буруу ойлголт, хандлага байгаа нь үнэн. Туслах малчдын талаар “хүний өөдөөс эгц харж ярьдаггүй, доогуур харцтай, баригдмал, олон хүнтэй арга хэмжээ байх юм бол тэгсгээд гараад явчихдаг” гэж зорилтот сумын захиргааны хүмүүс ч мөн хэлж байсан. 

Иймэрхүү дүр төрхтэй, өмч, орлого багатай, нийгмийн халамж шүтсэн, цалин хөлс бага, бие сэтгэлийн дарамттай, гэр бүлийн бусад гишүүдийн хөдөлмөрөө мөлжүүлэх маягтай, мэдээллээс хол нэг ийм л эмзэг бүлэг хөдөө бий болжээ. 

- Нэлээд сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтууд дурдаж байсан. Нууц биш бол ярьж болох уу? Судалгааны зарим дүнгээс сонирхуулбал? 

- Туслах малчдын иргэний ба улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар судалгааны дүнг үндэслэн товч танилцуулъя. Туслах малчдын хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрт тулгарч буй асуудлаа шийдвэрлүүлэх байдал ажил олгогч малчдаас хоёр дахин бага үзүүлэлттэй байна. Хүссэн мэдээллээ олж авах боломж тэдэнд хязгаарлагдмал. Аливаа хэлбэрийн хүчирхийлэлд туслах малчид өртөж байгаа явдал нь хувь болон ажил олгогч малчидтай харьцуулахад бүх үзүүлэлтээр өндөр байна. Сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр. Ялангуяа эмэгтэй туслах малчдын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд бүртгэгдсэн нь ноцтой асуудал юм. Хүчирхийллийг ажил олгогч малчны гэр бүлийн гишүүд үйлддэг гэсэн судалгааны дүн байна.

Бас нэг ноцтой асуудал нь туслах малчид сонгуулийн өдөр, ажил олгогчтойгоо цуг явж саналаа өгдөг нь ажил олгогчийн зүгээс санал өгөх, сонголтод нөлөөлөх нөхцөл үүсдэг, “саналыг худалдаж авах” зэрэг улс төрийн эрхийг зөрчиж байж болзошгүй үйлдэл байгааг судалгаагаар хөндөж тавьсан.  Түүнчлэн туслах малчид ажил олгогч малчдын зөвшөөрөлгүйгээр малаа эзэнгүй орхих боломжгүй байдаг тул гэр бүлдээ болон өөртөө цаг зав гаргах, өөрийгөө хөгжүүлэх, урлаг соёлын арга хэмжээнд хамрагдах, нийгмийн амьдралд оролцох, амрах боломж хомс. Тэдний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөвхөн багийн эмчийн явуулын үзлэг, сумын эмнэлгийн жилд нэг удаа явагдаж байгаа төлөвлөгөөт үзлэгээр л хязгаарлагдаж байна. Бичиг үсэг тайлагдалт бусадтай харьцуулахад доогуур үзүүлэлттэй. Судалгаанд хамрагдсан туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой   харьцуулахад 65.4 хувиар бага байна.

Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна. Туслах малчдын орлогын эх үүсвэр нь цалин хөлс болон хүүхдийн мөнгөнөөс хамааралтай. Тэдний хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн хүрээний суурь эрхүүдийн зөрчил түгээмэл гарч байна. Туслах малчинтай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь албан бус хэлбэртэй, ямар нэгэн тайлан, бүртгэл, хяналтын тогтолцоо байхгүй, аман тохиролцооны үндсэн дээр явагддаг. Нөгөөтэйгүүр туслах малчдын хөдөлмөрийг үнэлэхдээ хөдөлмөрийн зах зээлд албан бусаар хүлээн зөвшөөрөгдсөн цалин хөлсний хэм хэмжээг баримталж байгаа нь тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Амралт эдэлдэггүй, ажлын цаг хязгааргүй, байнга ажилладаг учир, нийтийг хамарсан арга хэмжээ болон нийгмийн суурь үйлчилгээнд тэр бүр хамрагдаад байж чаддаггүй.  Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байдал нь туслах малчны хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр зүйлчлэн шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна. 

- Туслах малчид хүчирхийллийн золиос болж байгаа талаар Та сая дурдлаа. Тэдгээр иргэд гэмт хэрэгт өртсөн тохиолдолд хамгаалалтад авах боломж хэр байдаг бол?

- Судалгааны дүнгээс харахад 10 хэрэг тутмын наймаас ес нь ямар нэгэн хуулийн байгууллагад бүртгэгдэхгүй далд хэлбэрээр үйлдэгддэг байна. Сумын төвөөс алслагдмал болон отор нүүдэл хийж яваа малчид хууль зүйн туслалцаа авах боломж нь хязгаарлагдмал шүү дээ. Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд 3.6 хувь нь өртөж байна. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглох (зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар) ажлын байрны дарамтаас эмээж туслах малчид ажил олгогчдоо гомдол санал гаргах, шаардлага тавихаас зайлсхийх байдал нь зөрчлийг улам даамжруулж байна. Ялангуяа эмэгтэй туслах малчдын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлөхүйц нийгмийн тулгамдсан асуудлын нэг юм. Туслах малчны хүүхдийг зодох, дарамтлах, бие мах бодид нь халдах зэрэг ноцтой зөрчлүүд судалгааны явцад тогтоогдсон.

- Та бүхэн яагаад туслах малчдын эрхийн хэрэгжилтийг онцолж судлах болов? Мэдээж ямар нэгэн сэжүүрийг анзаарсан байх?

-Юуны өмнө чухам яагаад туслах малчны төсөл, судалгааг хэрэгжүүлэх болов гэдэг тал дээр багахан тайлбар хийх нь зөв байх. 1990 онд явагдсан өмч хувьчлалын явцад мал сүргийн 90 гаруй хувь нь хувийн өмчинд шилжсэн байдаг. Асуудлын эх нь эндээс үүдэлтэй. Юу гэвэл, эндээс л “Мянгат малчин” цол хүртэх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод удаж байгаа. Засгийн бодлого ч энд нөлөөтэй. Зарим судалгааны байгууллагууд болон судлаачид мал аж ахуйн өмч хувьчлалын бодлогын алдаа, хор уршгийн талаар нилээд бичиж байгаа. Туслах малчид бол дээрх алдаатай бодлогын нэг үр дагавар нь. Ингээд ХЭҮК-оос 2019 онд “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал” судалгааг зургаан аймгийн 19 сумыг хамруулан гүйцэтгэж, тайланг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлээр тодорхой саналуудын хамт Улсын Их Хуралд танилцуулсан байдаг. Монголын нийгэмд тулгамдаад буй туслах малчдын асуудлыг хөндөж Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлж байгаад олон нийт талархалтай хандаж байгааг энд дурдах нь зүйтэй болов уу. 

Практикаас харахад, ажил олгогч болон туслах малчны хооронд гэрээнд суурилсан албан харилцаанаас илүүтэй аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлж буй бөгөөд үүнээс үүдэн туслах малчдын эрх, эрх чөлөө нь зөрчигдөх нөхцөл үүсч байна. Иймээс туслах малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг тусгайлан судлах, улмаар хөдөлмөрийн гэрээ, урамшуулал, тэдний болон гэр бүлийн гишүүд, хүүхдийн нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн  үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, оролцоог хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг хангах талаар бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тавигдсан юм.

“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтарсан санхүүжилтээр Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 12 сумын зорилтот бүлэг болох 120 гаруй туслах малчдад хэрэгжүүлж байна. Хэдийгээр сонгууль, цар тахлын дэгдэлтийн үеийн хорио цээр гээд тодорхой хүндрэл бэрхшээл байсан ч төслийн үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж байна. Юуны өмнө бид зорилтот бүлэг болох туслах малчдын мэдээллийн сантай боллоо. Сонгосон сумдын удирдлага, холбогдох ажилтнуудтай хамтарч ажиллан, тэдний дэмжлэг туслалцааг авах нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Энэ үүднээс зорилтот сумдад Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан “Дэмжих бүлэг”-үүдийг байгуулж, бүрэлдэхүүнд нь багийн дарга нар, ХАА, мал аж ахуй, газар тариалан, хөдөлмөр, нийгмийн бодлого, мал эмнэлэг, үржлийн мэргэжилтэн болон сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнийг оруулсан.

Төслийн хамтрагч болох зорилтот сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдэд хүний эрхийн үндсэн ойлголт олгох сургалтыг “Үндсэн хууль ба хүний эрхийн баталгаа”, “Жендер ба хүний эрх”, “Хүүхдийн эрхийг хамгаалах нь”, “Хүүхдийн сурч боловсрох эрх”, “Эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх”, “Оролцооны эрх”, “Хөдөлмөрлөх эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” зэрэг сэдвээр боловсруулсан гарын авлагатай болж, 165 хүнийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэлээ. Ингэснээр тухайн орон нутагт Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд туслах малчид болох бусад зорилтот бүлэгт хүний эрхийн үндсэн ойлголт олгох сургалтыг явуулах чадавхтай боллоо. 

- Таны дээр дурдсан судалгааны дүн сэтгэл сэрдхийлгэж байна. Туслах малчдын 28 хувь нь албадан хөдөлмөрт өртдөг гэхээр маш өндөр үзүүлэлт. Хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж байгаа хүмүүст ямар тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ?

- Аливаа зүйл хоёр талтай. Манай судалгааны явцад ч харагдаж байсан. Хүүхдүүдээ сургуульд сургахын тулд зарим гэр бүл албан бусаар хуваагдаж, тусдаа амьдрах үзэгдэл малчдын дунд элбэг тохиолдох болсон нь нийгмийн олон сөрөг үзэгдлийг араасаа дагуулах эрсдлийг бий болгож байсан. Нөгөөтэйгүүр туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн үйл ажиллагаанд нь цалин хөлсгүй дэмжлэг үзүүлж оролцож байна. Албадан хөдөлмөрийн золиос болох шалтгаан нь нөгөө л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ талаар хууль, эрх зүйн анхан шатны ойлголт, мэдлэггүй байгаагийн үр дагавар. Тийм ч учраас манай төслийн гол зорилго эрхээ шаарддаг чадварлаг иргэдийг бэлтгэх юм. Төслийн гол зорилтуудын нэг болох туслах малчдын “Өөрөө өөртөө туслах бүлэг”-ийг Архангай аймгийн зорилтот гурван суманд байгуулаад байна. Орон даяар тогтоосон хөл хорионы улмаас сургалтуудаа цахим хэлбэрээр явуулсан. Туслах малчдын гэр бүлд зориулж, эмнэлгийн анхан шатны тусламжийн цүнх тараасан гэх мэт ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв