Ц.Идэрбат: Орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо дайчилж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах ёстой


Ц.Идэрбат: Орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо дайчилж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах ёстой
2021 оны 08 сарын 27. 12 цаг 10 минут

1980-аад оныхны төлөөлөл болсон Цагаанхүүгийн Идэрбат гэх залуу олон хүний итгэл найдварыг өвөртөлж, бас цөөнгүй хүний эргэлзээг төрүүлэн Хэнтий аймгийн Засаг даргаар 2021.08.07-ны өдөр томилогдсоноос хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ удаагийн ярилцлагаар түүний нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон түүний ажил,  ажил амьдралдаа баримталж ирсэн зарчим, үзэл баримтлалыг илүүтэй тодруулснаа уншигч танаа хүргэхийг зорилоо.

- Сайн байна уу ТА? Сайхан намаржиж байна уу?

Сайн, сайн байна уу? Намаржаа сайхан байна аа. Энэ жил аймгийн хэмжээнд хур бороо элбэгтэй, сайхан зун болж өнгөрлөө. Бороо ус элбэгтэй болоод ч тэр үү, эрт хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс наадмын дараа намар гэдэгчлэн сүүлийн өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, аймгийн хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн ирэх 2022 оны төсөв, орон тоо бүтэц, төсвийн зардлууд яам, Засгийн газрын түвшинд яригддаг учраас амрах эрхгүй баг хамт олноороо ажиллаж байна.

- Бид энэ удаагийн ярилцлагаа таны Засаг даргаар ажилласан нэг жилийн хугацаатай холбогдуулан авч байгаа. Нэгэнт бүтээн байгуулалтын сэдэв хөндөгдсөн болохоор энэ талаар яриагаа эхлүүлье?

Сүүлийн жилүүдэд манай аймагт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байгааг бүгдээрээ харж байгаа. Жишээ нь зөвхөн улсын төсвөөс 2021 онд 125 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр 2021 онд эхэлсэн болон 2020 оноос он дамжин хэрэгжиж байгаа нийт 180 гаруй бүтээн байгуулалт, их засварын ажлууд энэ онд хийгдэж байна.

Үүн дээр орон нутгийн төсөв, аймаг, сумын ОНХ-Сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа чамгүй олон ажил бий.

Бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэр шийдэгдэнэ гэдэг амаргүй, тиймээс шийдэгдсэн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй ашиглаж, цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч, шат шатандаа сахилга хариуцлагаа өндөрсгөж байна. Тэгж гэмээнэ татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгалгүй, чанартай бүтээн байгуулалт өрнүүлж чадна. Тиймээс аймгийн удирдлагууд дөрөв хуваагдан, холбогдох мэргэжлийн инженерүүдтэй хамт хяналт, шалгалтыг газар дээр нь ойр ойрхон хийж байна.

- Барилга, бүтээн байгуулалтын салбарт багагүй хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Орон нутагт хэр зэрэг нөлөөлж байна вэ?

Ковидын нөхцөл байдал, барилгын материалын хомстол гээд олон бэрхшээл байгаа ч, ихэнх бүтээн байгуулалтын ажлууд амжилттай өрнөж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэж ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа цөөн хэдэн ААН-үүд ч байгааг нуух аргагүй. Тэдгээрийг шахаж шаардах, зарим нэгийг нь хар жагсаалтад оруулах хүртэл хүсэлтээ холбогдох яамдуудад нь илгээлээ.

- Хар жагсаалт гэдгийг тодруулж хэлбэл?

Товчхон яривал ажил хийж байгаа компани ажлаа цаг тухайд нь, норм стандартын дагуу хийхгүй, захиалагч талын шаардлагыг хүлээж авахгүй бол Сангийн яамны хар жагсаалтад оруулах хүсэлт явуулна гэсэн үг. Хар жагсаалтад орсноор тухайн компани тодорхой хугацаагаар эсхүл бүрмөсөн ажил гүйцэтгэх зөвшөөрлөө цуцлуулна. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог аж ахуйн нэгжүүдийг үгүй хийж, чадвартай аж ахуйн нэгжүүдэд боломжийг нь олгоно гэсэн үг. Жишээлбэл өнгөрсөн жил Дэлгэрхаан сумын спорт заал, Хан Хэнтий чуулгын гүйцэтгэгч компаниудыг хар жагсаалтад оруулах хүсэлтээ Сангийн яаманд уламжилсан. Цаашид ч энэ мэт асуудал гаргасан компаниудыг холбогдох газарт нь уламжилж, хариуцлагын дараагийн шат руу шилжүүлнэ гэж бодож байгаа.

- Бидний яриа товчхон өрнөнө. Гэтэл асуух зүйл олон байгаа учраас бүтээн байгуулалтын талаарх яриагаа ингээд өндөрлөе. Та аймгийн удирдлагын зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд тойргоос сонгогдсон УИХ-н гишүүд, сум орон нутгийн удирдлагуудтайгаа хэр зэрэг ойлголцож ажиллав?

Маш сайн ойлголцож байгаа. Ойлголцлыг бий болгож байгаа хамгийн том шалтгаан нь шат шатандаа өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа явдал юм. Жишээлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд маань холбогдох газарт нь зөв үндэслэл, тайлбарыг хэлж, ойлгуулан, уйгагүй хөөцөлдсөний үр дүнд шийдүүлж, Хан Хэнтийчүүдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулж байгаа. Гишүүдийнхээ хичээл зүтгэлээр батлуулсан хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт дээр анхан, дунд шатны удирдлагууд зургаа авахуулж рекламдахдаа бус харин зураг төсөв, төслийг цаг хугацаанд нь гаргаж, барьж байгаа бүтээн байгуулалтыг балгас болгочхолгүй шахаж, шаардаж ажиллах ёстой гэж үздэг. Сумдын удирдлагууд маань ч энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Энэ бол шат шатандаа өөрсдийн үүргээ ухамсарлаж, ойлголцлыг ахисан түвшинд бий болгож байгаа хамтын ажиллагаа юм.

Ер нь сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт алтан боломж тохиосон цаг хугацаа үргэлжилж байна. Бид төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, намчирхал, талцалгүйгээр хамтран ажиллаж байж энэ боломжийг ашиглах ёстой гэж боддог. Мөн орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо дайчилж юу хийх вэ гэдэг нь чухал.

- Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа зарим нэгийг дурдвал?

Бид шат шатандаа дотоод нөөц бололцоогоо ашиглаад, шинэ санал санаачилга гаргаад ажиллавал олон зүйлийг өөрчилж, сайжруулж болохоор байгаа нь Засаг даргын мөрийн хөтөлбөр боловсруулах явцад ажиглагдсан. Мөрийн хөтөлбөрөө аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, маш олон иргэдээс санал, санаачилгыг нь авч боловсруулсан. Өнөөдрийн амжилттай хэрэгжиж байгаа олон ажлууд тэр үеийн саналууд. Өөрөөр хэлбэл иргэдийн санал, санаачилга юм.  Жишээ нь хямд өртөгтэй “Хэнтий орон сууц”, Мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр”, Мал аж ахуйн салбарт ажлын байр бий болгох “Гэрээт малчин”, мөн “Эх хүүхдийн эрүүл мэнд” зэрэг амжилттай хэрэгжиж байгаа олон хөтөлбөрүүдийг иргэд өөрсдөө санаачилж, харин бид дотоод нөөц боломжоо эрэлхийлж, шийдлийг нь гаргаж ажиллаж байна.

Мөн ЖДҮ, Сум хөгжүүлэх санг жигд тэгш хуваарилах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой “Бусдадаа боломж олгоё” аян, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, цахим болгох гэх мэт дээрээс мөнгө гуйх биш, байгаа боломжоо үр ашигтай зарцуулж үр дүнд хүрсэн олон жишээг нэрлэж болно.  Тиймээс аймгийн даргын зүгээс бүх шатны удирдлагуудад сэтгэлтэй ажиллахыг сануулж, шаардлагаа өндөрсгөж байгаа. Ер нь багагүй  бэрхшээл тулгарч байгаа ч, дүн нуруугаараа манай аймгийн ажил үйлс өнгөтэй сайхан яваа гэж харж байна.

- Урьд урьдын жилүүдээс шинэлэг, онцлог зүйл харагдлаа.  Үүн дээр таны баримталсан гол зарчим юу вэ? Тэр нь Аймгийн Засаг даргын баримталсан зарчим байв уу? Эсхүл Идэрбатын зарчим уу?

Аль аль нь л байгаа байх. Төрийн албан хаагчийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн боломжтойг нь шийдээд, боломжгүйд нь боломжгүй гэдгийг хэлээд явах нь чухал гэж боддог. Судалъя, эргэж хариу өгье гэсэн аргацаасан байдал нь төрийн албан хаагчдаа ч, хүсэлт гаргасан иргэндээ ч маш их чирэгдлийг учруулж, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Би бусдын адил ахуй амьдралаа авч явах гэж янз бүрийн л ажил хөөцөлдөж явсан. Тэр болгонд төрийн үйлчилгээ авах үед ойлгомжгүй хариу хэлдэг, бүтэх эсэх нь бүрхэг асуудлууд их тулгардаг байлаа. Тэр үеэс л би хэзээ нэгэн цагт төрд ажиллавал ийм байдлыг л үүсгэж болохгүй шүү гэж өөртөө амласан. Тиймээс аливаа ажил, асуудалд боломжтойд нь за, болох бүтэхгүйд нь үгүй гэж ирсэн. Үүнийг мөр зэрэгцэн  ажиллаж байгаа шат шатны албан хаагчид, намайг зорьж ирсэн ард иргэд гэрчлэх байх.

Хувь хүнийхээ зүгээс хэн нэгэнд амласан зүйлээ биелүүлчих юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Өөрөөр хэлбэл “За бол Ёогүй” гэдэг шиг. Мөн хүн ямар ажил алба хаших нь чухал биш. Гагцхүү эрхэлсэн ажилдаа л эзэн байх ёстой. Тэр ажлыг чадна л гэж хийж байгаа бол чадсан шиг чадах хэрэгтэй, санаачилгатай, бүтээлч, хөдөлмөрч байх ёстой. Хэн ч гэсэн өөрийн гэсэн зам, мөрийг үлдээж, хийсэн бүтээсэн зүйлтэй амьдрах учиртай. Улс төрийн ажилтнаас аймгийн Засаг дарга хүртэл ээ энэ л зарчмыг баримталсан. Цаашид ч өөрчлөгдөхгүй ээ.

- Энэ үзэл баримтлал, зарчим төлөвшихөд юу нөлөөлсөн бэ?

Түрүүхэн хэлсэн. Ойлгомжтойгоор нийгмийн харилцаанаас үүдэлтэй. Жижиг бизнес эрхлээд явахад зарим төрийн байгууллагынхны хүнд суртал, цааргалал ямар байдаг вэ гэдгийг биеэрээ туулсан хүмүүсийн төлөөлөл нь би. Байх, байхгүйн зовлон, тусалж дэмжих хүнгүйн зовлон хэцүү шүү дээ.Тиймээс төрийн албан хаагчдаас ард түмнээ алагчлахгүй, авилгаас ангид, хүнд сурталгүй ажиллахыг хүсдэг.

- Та намын улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн гэж хэллээ. Одоо та төр төлөөлж байгаа төрийн албан хаагч. Нам төрийн тухай ойлголт, зааг ялгааг нь хэрхэн зохицуулж байна вэ?

Улс төрийн нам нь төрийг чиглүүлэх бодлогоо боловсруулж, олонхын дэмжлэг авч гэмээнэ боловсруулсан бодлогоо төрийн бодлого болгон хэрэгжүүлдэг. Тиймээс нам, төр хоёр ойлголтын хувьд тусдаа. Гэхдээ нэгдмэл эрх ашиг нь мэдээж улс орны хөгжил гэж ойлгодог. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй, Бид нэг л Монгол гэж хэлсэн байдаг. Тиймээс дэмжлэг авсан бодлогыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх явцад намчирхал, талцал огтоос байх ёсгүй. Би хувь хүнийхээ хувьд намчирхдаггүй. Үзэл бодлын хувьд өөр байж болох ч амьдрал дээр гэмгүй сайхан нөхөрлөөд явдаг олон найзууд надад бий. Тийм учраас намын үзэл суртлаар төрийн ажилд хандахыг огтоос хүсдэггүй. Мөн аливаа асуудлыг бодитоор харж, бодит үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээдэг. Ховын явган үгээр эсвэл хоосон магтаалын үгээр асуудлыг дүгнэх учиргүй.

-  Ажлын гараагаа хаанаас, ямар хүмүүстэй эхлэх нь тухайн хүний цаашдын амьдралд ихээхэн нөлөөлдөг. Ажил, амьдралаа эхлүүлэх үед үлгэр дурайл авсан хүн хэн байв?

2003 оны тавдугаар сард их сургууль төгсөж, нутагтаа ирээд Хэнтий аймгийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтнаар орж таван жил ажилласан. Мэдээж тэнд, энд ажилд орьё, эсхүл намын байгууллагад ажилд орно гэж бодоогүй. Хувь тохиолоор тухайн үед надад олдсон боломж нь л энэ байсан. Надад ажил амьдралын туршлага суулгасан хүн бол Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх. Баямөнх дарга тухайн үед Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, мөн УИХ-ын гишүүн, өнөөдрийн МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон нутаг дахь бие төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Тэр хүнээс ажилд амьдралд хандах хандлагаа олж авсан гэж боддог. Их дайчин, ажилсаг, мундаг хүн шүү дээ. Манай аймгийнхан Баянмөнх даргыг надаар хэлүүлэлтгүй мэднэ ээ. Тэгээд цалинтай цалингүй, өдөр шөнөгүй л ажилладаг байсан. Заримдаа хариуцлага алдаж, даргаасаа алганы амт авна. Тухайн үедээ ажил хийх нь их л хэцүү юм шиг бодогдоно. Одоо бодохнээ маш их зүйлийг сурчээ. Мөн намын хорооны дарга Д.Дашдорж, Ч.Эрдэнэбаатар, Н.Ганбямба, дэд дарга Л.Батсайхан, Б.Должин нар мөн ч олон зүйлийг сургаж, намайг төлөвшүүлсэн.

- Аймгийн ИТХ-д 4 удаа төлөөлөгч-тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Анх нэр дэвшсэн түүхээсээ, мөн төлөөлөгчөөр сонгогдоод хэрхэн ажиллаж байсан тухайгаа товч яривал?

Намайг 2008 онд Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байх үед тухайн үеийн аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар дарга Баянмөнх сумын намын хорооноос санал ирлээ гээд тус суманд нэр дэвших санал тавьсан. 27-хон настай намайг яаж сонгогдоно гэж бодсон юм бүү мэд. Мэдээж их эмээж, догдолж хүлээж авсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшинэ гэдэг том хариуцлага. Ингээд өөрийнхөө хэмжээнд хэрэндээ л бэлдэж, өөрийгөө болон намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажилдаа орсон. Тэр сонгуулиар нутгийнхан маань өндөр хувиар дэмжсэнд одоо ч талархаж явдаг. Тэднийхээ итгэлийг нь алдахгүйн төлөө өнөөдрийг хүртэл хичээж л явна.  2008, 2012 онд Баямөнх сумаасаа АИТХ-д хоёр удаа сонгогдсон. 2016 онд Хэрлэн сумын МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан учраас Хэрлэн сумандаа нэр дэвших шаардлага үүссэн. Ингээд өсөж, торнисон хийдийн суурин, Хэрлэн нэгдүгээр багт нэр дэвшсэн дээ. Мөн л 2016, 2020 Хэрлэн сумын 1-р багийнхан маань өндөр хувиар итгэл хүлээлгэсэн. Одоо бодоход Баянмөнх сумынхан маань улс төрд орох үүдийг нээж өгсөн бол Хэрлэн сумынхан маань өдий зэрэгтэй явах боломжийг олгожээ.

- Тухайн үед МАН төлөөлөгч хүүг Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор авч их хариуцлага хүлээлгэж, өндөр босго давуулсан. Энэ нь эргээд Чингис хотын захирагчаар ажиллах боломжийг олгосон юм  болов уу? Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

Тийм шүү. АИТХ-н төлөөлөгч болсны дараа намаас санал болгож Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байлаа. Хүүхэд байхдаа Хэрлэн нэгдүгээр баг, Хийдийн сууринд хэдэн эгнээ гудамж дамжиж ус авдаг байлаа. Гэр хорооллын гудманд гэрэл гэгээтэй дурсамж, хүүхэд насаа өнгөрүүлсэн. Анх Хотын орлогч болоод хийдийн сууринд, нэгдүгээр багтаа хүүхэд байхдаа худагтай болоосой гэж боддог байсан газраа худаг байгуулж байсан. Гэр хорооллын жаргал зовлонг хүн бүр сайн мэднэ. Гэрэлтүүлэг, тоглоомын талбай, зам харгуй гээд, биднийг хүүхэд байхад ийм болоосой гэж мөрөөддөг байсан зүйлээ хотын дарга болоод хийсэн. Эргээд харахад Улс төрийн ажилтан, намын хорооны Дэд дарга, Дарга, сумын Засаг даргын орлогч, Засаг дарга, аймгийн Засаг дарга гээд мерит зарчмаар явсан он жилүүд өнөөдрийн Цагаанхүүгийн Идэрбат гэх хувь хүнийг бий болгож ээ гэж хардаг.

-    2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олон хүний итгэл найдварыг өвөртөлж, бас цөөнгүй хүний эргэлзээг төрүүлэн Хэнтий аймгийн Засаг даргаар орон нутгийн сонгууль болохоос хоёрхон сарын өмнө гэнэт томилогдсон. Энэ үед яаг юу болсон тухай олон хүн сонирхдог. Та энэ тухай жоохон дэлгэрүүлж яриач?

Энэ үйл явдал харьцангуй богино хугацаанд өрнөсөн нь үнэн. Мэдээж олон хүнд гэнэтийн байсан байх. Тухайн үед Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Ганбямба дарга ажлаа өгөх шийдвэрээ гаргаад, намын Удирдах Зөвлөл зохих судалгааг хийж, намайг аймгийн Засаг даргад дэвшүүлэх саналыг аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан. Намын Бүлэг санал нэгтэй дэмжиж, аймгийн ИТХ-д танилцуулсан. АИТХ-олонхоороо Засаг даргаар томилох саналыг дэмжсэн. Товчхондоо ийм л үйл явдал болсон. Мэдээж орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн, сонгуульд намаа удирдан орж, ялуулах үүрэг авчихсан амаргүй үе байсан. Их хариуцлага хүлээж, багагүй зориг гаргаж энэ шийдвэрийг хүлээн авсан.

Анх  аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш өнөөдрийг хүртэл дөрвөн аймгийн Засаг даргатай хамтарч ажилласан байна. Бүх аймгийн дарга нар аймаг орон нутгаа хөгжүүлэх гэсэн сэтгэлтэй байж, өөр өөрсдийн үед тодорхой ажил асуудлыг цэгцэлж, өнөөдрийн түвшинд хүргэсэн. Бид ч ялгаагүй иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө бүх боломжоороо ажиллаж байгаа. Нөгөөтээгүүр аймаг, сум, агентлаг хэлтэс, албан байгууллагуудын удирдлагууд бүх шатандаа нэг баг болж ажиллахыг зорьж байгаа. Эхний жилдээ сууриа зөв хийж чадлаа. Цаашид ч хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ ард түмэндээ хэлье. Энэ дашрамд зорьсон ажлаа хийхэд бүх талаар дэмжиж багаар хамтран ажиллаж байгаа аймгийн ИТХ, нийт төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.

- Та Засаг даргаар ажиллаад бүтэн нэг жил болсон байна. Энэ хугацаанд манай орны өмнө шийдвэрлэх шаардлагатай, бидэнд хамгийн их тээг тушаа болж байгаа асуудлыг   юу гэж дүгнэсэн бэ?

Халамж харсан - Ажилгүйдэл. Хүүхэд хөгшдөөс бусад иргэн бүр ажил хийх ёстой. Зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй гээд халамжаа аваад зүгээр сууж болохгүй. Хүн хүсэл сэтгэлийнхээ боол биш хаан байх учиртай. Халамжаас хөдөлмөрт, өөрөө өөртөө ажлын байр бий болгодог түүнийг төр засгаас дэмжиж байж улс, орон хөгжинө. Манай аймгийн хувьд түүхэн аялал жуулчлалын асар том боломж гарч ирлээ. Дэд бүтэц, зам барилга гээд шаардлагатай бүхнийг Засгийн газраас чадлаараа шийдвэрлэж байна. Энэ цаг үед залхуурч суух биш нэгдэж, санаачилж ажиллах ёстой. Нэг жишээ татахад манай аймгийн зараар дүүрэн ажлын байрны зар бий. Бид хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө дагуу ч төрөөс ажлын байрны зар явуулж байна. Ингэхэд хангалттай хүрэлцэхүйц ажилтан олддоггүй. Тиймээс мэргэжилтэй ажилтан бэлтгэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр гэх мэтчилэн шаардлагатай мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэллээ. Бид энэ чиглэлээр бас тодорхой ажлуудыг санаачлаад хөөцөлдөж байгаа гэдгээ дашрамд хэлье.

- Ярилцлагадаа асуухгүй үлдээж болохгүй нэг асуулт байна. Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

Миний ханийг Санжмятавын Болортунгалаг гэдэг.  Бид 10 жилд байх даа л үерхэж эхлээд, гэр бүл болцгоосон. Эр хүн болгоны ард түшиг тулгуур болсон хань нь байдаг. Ажил төрөл ихтэй явахад ар гэртээ санаа зовох зүйлгүй, ядраад очиход халуун хоол цай, гэр бүлийн дулаан уур амьсгалтай байна гэдэг амьдралын утга учир шүү дээ. Заримдаа ажил төрөл бүтэмж муутайхан, сэтгэл тиймхэн явахад мэргэн зөвлөгч, халширч няцах үед урагш хөдөлгөх ташуур нь, бас хааяа цадиггүйтэж, сахилгагүйтэхэд зөв замд нь оруулах хазаар болно шүү дээ.

- Та бас цадиггүйтэж, сахилгагүйтэх үү? (Инээв)

Хаяа баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө цуг байж, оройтож ирэхийг алийг тэр гэх вэ. За ингээд ярилцлагаа өндөрлөх үү? Асуулт маань өөр тийшээ хазайгаад явчих шиг боллоо. Их л удаан ярилцлаа. Би ер нь ингэж удаан ярилцлага өгч байгаагүй юм байна.

- Сүүлчийн асуулт, таныг гурван хүүтэй гэж дуулсан. Хүү хүүхдийг хүмүүжүүлэхэд аав хүний оролцоо туйлын чухал. Аймгийн Засаг даргын ажлын хажуугаар хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд хэр анхаарч байна вэ?

Манайх гурван хүүтэй. Мэдээж байнга цуг байгаад байх боломж тэр болгон гардаггүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүүхдүүдийнхээ эцэг эхийн хурлыг огт тасалж үзээгүй. Бүх хуралд нь оролцож, хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилд нь чадлынхаа хэрээр анхаардаг. Ирээдүйд зөв хүмүүс болж төлөвшөөсэй, өөрөө буруу үлгэр дуурайл нь болчихгүй юмсан л гэж боддог доо.

- Цаг зав гаргаж, ний нуугүй ярилцсан танд маш их баярлалаа. Таны ажилд их амжилт хүсье.

Та бүхэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв