Цагдаагийн шилдэг залуусын төлөөлөл


Цагдаагийн шилдэг залуусын төлөөлөл
2021 оны 10 сарын 07. 03 цаг 28 минут

Монголын цагдаагийн 100 жил:

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Даваадорж энэ л албандаа хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөс эхлэн шат ахисаар өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байна. 

Тэрбээр цаг ямагт өөрийгөө дайчлан хурцалж, уйгагүй хөдөлмөрлөсөөр албаныхаа цаг наргүй амьдралд дасч ир, бяр нь тэгширсэн энэ цагийн шилдэг залуусын нэг болжээ. 2004 оноос аймгийн Цагдаагийн газрын захиргаа аж ахуйн тасагт хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөс эхэлсэн түүний замнал хэв журмын тасагт хэсгийн байцаагч, эрүүгийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч, гэмт хэрэгтэй тэмцэх тасагт эрүүгийн мөрдөгч, хэрэг бүртгэх тасагт ахлах хэрэг бүртгэгч, ахлах мөрдөгчөөр үргэлжлэн өдгөө мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр ажиллаж байна. 

Тэрбээр сүүлийн 3 жилд 213 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 55 хэргийг хаах саналтай, 166 холбогдогчтой 158 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлж шийдвэрлэн ажилласан байна. Ажил мэргэжилдээ эзэн болж гаргасан амжилтаараа хамт олноо хошуучилж ирсэн тэрээр 2007 онд “Цэргийн алдар” медаль, 2009 онд Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль, 2018 онд Цагдаагийн Ерөнхий газрын жуух бичиг, 2008, 2009, 2012 онд Цагдаагийн газрын баярын бичиг, 2013, 2016, 2018 онд аймгийн Цагдаагийн газрын Хөдөлмөрийн аваргаар 3 удаа шалгарч, 2020 онд Хэнтий аймгийн хүндэт тэмдэг, 2021 онд “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулж, түүний гавьяа зүтгэлийг илтгэн энгэрт нь гялалзаж байна. Даваадорж хэлэхдээ, “Энэхүү нэр хүндтэй ажил албаныхаа алдрыг өргөж, хүн чанараа эрхэмлэж явахыг хичээдэг дээ. Ахмад үеэсээ суралцаж явсан үе саяхан л юм шиг санагдаж байна. Гэтэл өнөөдөр харьцангуй дадлага туршлага хуримтлуулж, шинэ залуучууддаа зөвлөж туслах хэмжээнд ирлээ. Монгол улсад орчин цагийн Цагдаагийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн баяр бол цагдаагийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид, ажлын хамт олон, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдийн минь баяр юм. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье” гэлээ. 

Цагдаагийн хошууч Г.Даваадорж төрж өссөн нутагтаа өгсч дэвшин ажиллаж Монголын орчин цагийн Цагдаагийн алба хэмээх өнөр бүлийн нэгэн хүндтэй гишүүн болж нэгэн зууны нь түүхийг ийнхүү бахархалтайгаар хамт бичилцэж явна аа.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв