Эхнэртээ зориулж хийсэн чамин бэлэг нь ирээдүйн бизнесийнх нь эхлэл болжээ


Эхнэртээ зориулж хийсэн чамин бэлэг нь  ирээдүйн бизнесийнх нь эхлэл болжээ
2018 оны 03 сарын 24. 12 цаг 02 минут

Дадал сумын харъяат Ц.Баярсайхан гуайг модон эдлэлээр бүтээл урладаг гэдгийг нутгийн зон андахгүй. Уран хийц бүхий сийлбэртэй ширээ сандал, орчин үеийн өнгө төрхийг илтгэсэн аяга халбага, чамин сувинер зэргийг тэрбээр гайхалтай урлана. 


Түүний брэнд бүтээгдэхүүн хийх санаа тун сонирхолтой эхэлжээ. Битүү улиас модыг 8-ын тоо шиг харагдахаар нь эхнэртээ Мартын бэлэг болгоё гэж бодсон гэнэ. Тэр үед эхнэр нь аймгийн төв рүү явсан байж. Дөрвөн хүчтэнийг буланд нь сийлэн, “Хайрт чамдаа” гэж бичээд 2000 оны Мартын баяраар эхнэртээ дурсгажээ. 


Эхнэртээ өгсөн чамин бэлэгнээсээ санаа авсан тэрбээр одоог хүртэл тасралтгүй хүний хэрэгцээнд тохирсон, чанар сайтай, түүх соёлын өв болохуйц модон эдлэлүүдийг урлаж, “Модон эдлэлийн Баяраа” хэмээн хүндлэгдэх болжээ. Гарын дүйтэй, урлах сэтгэлгээтэй хүн гэдэг цаанаа л өөр. Өмөрч муудсан модны үндэс, голын эргээрх хаягдал улиас, хатсан мод зэргийг ашиглан өөрийн гараар бүтээлээ хийнэ. Эдгээр сайхан бүтээлүүдийг олонд таниулан, түмэнд хүргэх “Урлан” тун удахгүй ашиглалтад ороход бэлэн болоод байна.


Чингис хааны өлгий нутаг Дадал сум зуны цагт жуулчин ихтэй. Монгол орны байгалийн гайхамшгийн илэрхийлэл болсон эдгээр эдлэлүүдийг гадна дотны жуулчид ихээр сонирхон ганцыг ч үлдээлгүй худалдан авдаг гэнэ. Одоогийн байдлаар түүний гар аргаар урласан аяганууд хамгийн эрэлттэй байна. Хусны үндсээр хийсэн Айрагны шанага 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь түүний бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрчээ.

2006 оноос аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцох болсноор түүний чамин бүтээлүүд “Хэнтийн брэнд бүтээгдэхүүн”-ээр олон удаа шалгарчээ. Мөн ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойрогт болсон “Алтаргана-2012”  олон улсын наадамд модон эдлэлийн төрлөөр хүрэл медаль хүртэн,  “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдааны “Шилдэг бүтээл”-ээр улсдаа шалгарч, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, түгээн дэлгэрүүлж байна. Баярсайхан гуайн энэхүү авъяас, хөдөлмөрийг түүний гэр бүлийнхэн дэмжин, хамтран хийдэг болжээ. Түүний гэргий Д.Сарангэрэл тус сумын шууданчаар ажилладаг бөгөөд “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчлэн хамгийн сайн зөвлөх, шадар туслах нь болсон  гэнэ. Харин цэргээс халагдан ирээд байгаа бага хүү Б.Энхбулган түүний модон эдлэл, сийлбэр хийх арга ухааныг уламжлан сурч, хамтран бүтээл хийдэг болсон нь үнэхээр бахархалтай. 

Байгаль эхийн хайрласан хишгээр хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай бүтээл урлагч Монгол хүний дархан ухаан, дэлхийд дурсагдах болтугай. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.