Цэнхэрмандал сумын эсгий урлаач Э.Энхтүвшин


Цэнхэрмандал сумын эсгий урлаач Э.Энхтүвшин
2018 оны 03 сарын 24. 15 цаг 33 минут

Цэнхэрмандал сумын эсгий урлаач залууг уншигчдадаа танилцуулж байна.

-Э.Энхтүвшин маань хэзээнээс эхлэн эсгий урлал хийж байгаа вэ? Ямар бүтээлээр урлалаа эхэлсэн бэ?

-2014 оноос эхлэн эсгийгээр бүтээл хийж байгаа. Хамгийн анх 6 насны морь хийж байсан. Анхны бүтээгдэхүүнээ борлуулж урамшсанаар цааш цаашдын бүтээлүүдээ хийх үндэс болсон.

-Ингэхэд Э.Энхтүвшин ямар мэргэжлийн хүн бэ? Яагаад энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх болсон бэ?

-Би ШУТИС-ийн мебель модон эдлэлийн дизайнерын анги төгссөн. Төгссөнөөсөө хойш уул уурхай, барилгын салбарт ажилладаг байсан. Бүтээлээ урлаж эхлэх үедээ барилга дээр ажиллаж байгаад ажилгүй болчихсон байсан юм. Цалингаас цалингийн хооронд ажиллах үед хүн хөгждөггүй юм байна лээ. Хийдэг зүйлээ хийж, авдаг зүйлээ аваад л яваад байдаг. Тийм ч учраас ямар нэг юм хийе гэж их боддог байсан. Нэг удаа “Их дэлгүүр”-т явж байгаад монголын сувинер, бүтээлүүдийг харсан. Тэр үед их мундаг бүтээлүүд хийдэг мастерын бүтээлийг харснаас хойш өдөр болгон шахуу очиж хардаг байсан. Тэгээд л нутагтаа эсгий бүтээл хийхээр шийдсэн.

-Одоогоор ямар бүтээгдэхүүнүүдийг урлаж байна? Бүтээгдэхүүнээ хаана борлуулж байгаа вэ?

-Өдгөө 6 нас, 8 шарга, эвтэй дөрвөн амьтан, арвайтай ваар, төрөл бүрийн ан амьтан гэх мэт монгол ахуй, амьдрал, онцлогийг шингээсэн бүтээлүүдийг урлаж байна. Би ер нь морь урлах их дуртай. Хийсэн бүтээлүүдийн хамгийн жижиг нь алга дарам хэмжээтэй байхад хамгийн том нь 3м урттай, 90 см өргөнтэй байна. Энэхүү хамгийн том бүтээл нь найман шарга бөгөөд сар шахам хийсэн. Үүнийгээ захиалгаар хийж, Улаанбаатар хотод борлуулсан. Захиалгынхаа 80%-ийг фейсбүүкээс авдаг. Хурим найр, ойн баяр, төрсөн өдөр гэх мэт баяруудаар борлуулалт их өсдөг.

Бүтээгдэхүүнээ Монголынхоо зах зээлд борлуулахаас гадна Япон руу гаргаж эхэлсэн. Японы хувьд “Амарзам” хэмээх Монгол бэлэг дурсгалын дэлгүүр, “Их Монгол” ресторан захиалж хийлгэдэг. Мөн Америкаас Монголчуудаараа дамжуулан хэд хэдэн захиалга авч байна. Ирэх 5 дугаар сард Өвөрмонгол руу үзэсгэлэн худалдаанд явахаар зорьж байна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэхэд асуудал их тулгардаг. Шантрах, баярлах үеүд хэр тохиолдож байв?

-Энэ хугацаанд хүнд хэцүү, шантрах үеүд их байсан. Борлуулалт ихтэй байж, хүмүүс миний хийсэн зүйлсийг хараад “сайхан хийсэн байна” гэх үед их урамшдаг. Чөлөөт уран бүтээлч байх нь эрх чөлөөтэй ямар нэгэн зүйлээс хараат бус, өөрийнхөө хүсэл сонирхлоор дуртай зүйлээ хийж байх нь цаанаа л нэг кайфтай байдаг.

-Хийсэн бүтээлүүдийг чинь харахад их ур дүй шаардсан, чимхлүүр ажил шиг санагддаг. Эсгий урлалыг ямар дарааллаар хийдэг вэ? Шавиа бэлтгэж байна уу?

-Миний хийдэг урлал үйлдвэрлэх, хэвлэх, амарчлах зүйл ер байхгүй бөгөөд дан гар аргаар хийгддэг учраас цаг хугацаа их шаарддаг. Эсгийний хувьд Хятадаас орж ирдэг метрийн эсгийгээр хийдэг. Зурах, сийлэх гэх мэт урлагийн бүх төрлийн үйл ажиллагаа эсгийнд маань шингэж байгаа. Ямар бүтээгдэхүүн хийх санаагаа олох хэрэгтэй. Үүний дараагаар санаагаа зураг болон буулгана. Түүнийгээ эсгийн дээрээ зураад хайчилна. Хайчилсныгаа яаж товойлгон гаргаж биет юм шиг хийх вэ гэдгээ бодоод наана. Мөн хажуугаар нь Монгол уламжлал бүхий сур, чөдөр гэх мэт зүйлсүүдийг оруулан хийж байгаа. Тухайлбал; 6 насны морь гэхэд л уяатай юм шиг хазаар, ногт бүх юмыг нь сураараа хийдэг.

Цаашдаа улам олон бүтээл хийж, хэд хэдэн хүүхдүүдэд сургачих юмсан л гэж зорьж байна даа. Ажил маань их ур дүй шаардсан ажил учраас сайн ур дүйтэй хүүхэд одоогийн байдлаар таараагүй л байна. Мөн ур дүйгээсээ гадна уйгагүй урлах хүн хэрэгтэй. Хүмүүс сонирхож ирээд хийж байгаад орхих тохиолдол их байна. Цаашдаа урлаад явна гэж бодож байгаа хүүхдийг сургаад авчих юмсан гэж их боддог. Хүүхдүүд их сонирхдог ч тууштай байх нь ховор байна.

-Одоогоор ямар бүтээлүүд урлаж байна даа?

-Тавдугаар сард ӨМӨЗО-д хүмүүстэй нийлээд үзэсгэлэн худалдаанд оролцохоор төлөвлөөд байна.  Өвөрмонголчуудын хамгийн их сонирхох морь мал, эртний баатар, уяачид зэрэг томоохон бүтээлүүдээр оролцох бодолтой байна. Цаг хугацааны хувьд их давчуу байгаа. Нэг сарын хугацаанд 10 гаруй бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.

-Бүтээлүүдээ урлах ажлын байртай юу? Цаашид ажлын байраа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн хийх ямар зорилготой байгаа вэ?

-Одоогоор гэртээ л бүтээлээ хийж байна. Эсгийнээс гадна мод модон бүтээгдэхүүн оролдож үзэх юмсан гэж бодож явдаг. Мод, төмрөөр оролдоход тоног төхөөрөмж хэрэгтэй. Үзэсгэлэн худалдаануудад оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж байж шинэ тоног төхөөрөмжүүд аваад шинэ зүйл хийж эхэлнэ дээ.

Эсгийг амилуулагч Э.Энхтүвшинд “Э. Энхтүвшин” фэйсбүүк хаяг, “Үндэсний эсгий урлал бэлэг, дурсгал” пэйж хуудсаар зочлон захиалга өгөх боломжтой гэдгийг дуулгая.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ

Сэтгүүлч Н.Энхжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.