Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Э.Аззаяа


Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Э.Аззаяа
2018 оны 03 сарын 28. 10 цаг 33 минут

Охид бүсгүйчүүдийн хэрэглэх дуртай органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүсгүйг танилцуулъя.

-Азаа маань өчигдөр сургалтад суугаад ирсэн гэсэн. Хаана, юуны сургалтад оролцоод ирэв ээ?

  • Улаанбаатар хотод саван урлалын гүнзгий түвшний сургалтад оролцоод ирлээ. Энэ сургалтаар гурван төрлийн саван хийх аргыг сурлаа. Ирэх намраас шалгалт өгнө. Бүтэн жилийн хугацаанд сургалтад хамрагдсан болохоор мэргэжлийн сертификат авах байх.

-Энэ сургалтыг мэргэжлийн багш явуулдаг уу? Эсвэл чам шиг хоббиндоо дурласан хүн явуулж байна уу?

  • Багш маань мэргэжлийн саван урлаач. Солонгост магистрт сурдаг хүн байгаа. Энэ хавар сургуулиа төгсөөд монголдоо ирнэ. Суралцах хугацаандаа сурч мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцаж, олон хүнд энэ сайхан ажлыг зааж сургаж байгаа. Саванг тэр хүнээс мэргэжлийн түвшинд хийж сурлаа даа.

-Ингэхэд Аззаяа бүтээгдэхүүнээ яг хэзээнээс, яагаад хийж эхэлсэн бэ?

  • Гэрээрээ хүүхдээ харж байх үед саван хийх санаа төрсөн. Тэгээд интернэтээс мэдээлэл хайгаад саван хийж эхэлсэн. Анх бэлэн материал ашиглаж саван хийж байсан. Яваандаа саван хийх аргыг судлаад 2-3 арга олж, хүмүүсээс асууж, сурч судалгаагаа арвижуулсан. Ингээд савангаасаа халиад гоо сайхны бусад бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйлсийг хийж болдгийг ойлгосон. Мөн орц найрлагыг нь мэдэхгүй өндөр үнээр авч байгаа савангууд маань ихэвчлэн хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй зүйлээр хийдгийг судалж мэдсэн. Тэгээд л өөрт болон өрөөлд хэрэгтэй зүйл хийе гэж бодон судлаж байгаа. Сүүлийн нэг жилд хийх тусмаа донтож байна. Гадна үзэмж, гоо сайхан талаас нь, мөн хүмүүсийн сэтгэлд нийцэх талаас нь судлаад илүү ихээр сонирхож, хийдэг болсон. Мөн өнгөрсөн жилээс бялуу хийж байна. Сүүлийн 6, 7 сарын хугацаанд хүмүүст танигдаад байгаа. Тэр хэрээрээ захиалга авч, тодорхой хэмжээний хэрэглэгчидтэй болсон. Хэрэглэгчид маань Хэнтий төдийгүй Дорнод аймаг, Улаанбаатар хотод ч байдаг.

-Чиний хийсэн гарын саван их гоё, хэрэглэхэд их аятайхан байдаг. Сүүлд уулзахад машины, өрөөний үнэртүүлэгч хийж байгаа гэж байсан. Одоо шинээр ямар бүтээгдэхүүнүүд хийж байна?

  • Саван, ванны бөмбөлөг, ванны давс, хөлийн дүрлэг, машин болон өрөөний үнэртүүлэгч, нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хүмүүс их хэрэглэж байгаа. Одоогоор хэрэглэгчдийнхээ санал шүүмжийг сонсоод эрэл хайгуул хийн, суралцаад, хийгээд л явж байна. Бүтээгдэхүүнүүд маань шингэн саван, шампунь гэх мэтээр нэр төрөл нь олширч байгаа. Үүнийгээ органик талаас нь яаж хийх вэ гэдэг талаар мэргэжлийн хүнээс сургалт авдаг. Хамгийн анх савангаа бэлэн материал ашиглаж ус глицериний холимог ашиглаад хийдэг байсан. Одоо сүүлний тосоор савангаа хийх аргыг судлаад хийж эхлээд байна. Материалаа ч найдвартай газраас авдаг болохоор хийж байгаа зүйлдээ сэтгэл бардам, сонирхлоо хөгжүүлээд л явж байна.

-Үйлчлүүлэгчид ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхож, авч байна?

  • Арьсны харшил эмчлэх, батганы эсрэг, экземтэй хүүхдэд хэрэглэх саван байна уу, орц найрлага нь ямар вэ гэж их сурагладаг. Батга улайлт харшлыг хатааж арилгах ургамлаас нэрж гаргасан эфирийн тосны найрлагатай, аль эсвэл ургамлын нунтаг хольж хийх гэх мэтээр янз бүрийн аргаар хийх боломжтой.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдааны шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Сүүлийн үед ямар үзэсгэлэн худалдаанд оролцов, ямар шинэ бүтээгдэхүүнүүд хийж байна?

  • Хийсэн бүтээгдэхүүнүүдээрээ гадаад дотоодын нэлээд үзэсгэлэн худалдаанд оролцсон. Аймгийнхаа Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож “Гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шагнал хүртсэн. Дараа нь Дорнод аймгийн ХАҮТ-ын урилгаар тэнд очиж үзэсгэлэн худалдаанд оролцсон. Шинэ бүтээгдэхүүний хувьд хатуу шампунь хийж байгаа. Дан тосоор хийдэг хатуу шампунь нь үсэнд тэжээл өгч ургуулах эфирийн тос, кокос, далдуу модны тосны найрлагатай байдгаараа давуу талтай. Мөн хадгалалт уртасгах консервант агуулаагүй байдаг.        

Хотоос ирээд тухтай амарч чадаагүй байсан ч бидэнтэй ярилцсан чамд баярлалаа. Эко бүтээгдэхүүнийг Хэнтийн зон олонд хүргэх ажлыг тууштай хийж байгаад их талархууштай санагддаг. Баялаг бүтээх ажлаа улам өргөжүүлэн, олон арван бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болохыг ерөөе.

Ярилцсан Н.Энхжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.