Өмнөдэлгэрийн брэнд гутлын үйлдвэрлэл эрхлэгчид


Өмнөдэлгэрийн брэнд гутлын үйлдвэрлэл эрхлэгчид
2018 оны 03 сарын 24. 15 цаг 50 минут

Өмнөдэлгэрийн брэнд гутлын үйлдвэрлэл эрхлэгч гэр бүлтэй ярилцсанаа хүргэе.

Баялаг бүтээгчидтэйгээ танилцая?

Д.Баасанжав: Намайг Даваанямын Баасанжав гэдэг. Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Өмнөдэлгэр суманд хүргэн болон шилжиж ирээд арав гаруй жил амьдарч байна даа.

Ж.Эрдэнэсувд: Би Өмнөдэлгэр сумын уугуул. Намайг Жамъянсүрэнгийн Эрдэнэсувд гэдэг.

Хэзээнээс, яагаад энэ үйлдвэрлэлийг эрхлэх болов?

Д.Баасанжав: Би гутал оёж эхлээд 20 гаруй жил болжээ. Аав минь хотод гутлын үйлдвэрийн засварчин, ээж гутлын түрий оёдог хүн байсан. Удам дагасан гуталчин хүн, бүр багаасаа оёж эхэлсэн дээ. Цэрэгт явж ирээд 1994 оноос эхлэн тасралтгүй хийж байна. Өмнөдэлгэр суманд ирээд 11 дэх  жилдээ үйлдвэрлэлээ явуулж байна. Эхний 3 жил гутал засвар ажиллуулж байгаад үйлдвэрлэгч болсон.

Ж.Эрдэнэсувд: Би цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Ханиа харж байгаад дагаад хийдэг байсан. Тэгээд л заалгаж гутал оёж сурсан. Бид хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань мөн гэр бүлийнхээ үйлдвэрлэлийн ажилд тусладаг. Анх үйлдвэрлэгч болон ажиллахад Дэлхийн зөн ОУБ их тус дэм болсон. Оёдлын машин өгч үйлдвэрлэл явуулах урам зориг өгч байлаа.

Та хоёрын хийж байгаа бүтээгдэхүүний онцлог юу байна, хэрэглэгчдээ тодорхойлбол?

Д.Баасанжав: Бид хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст зориулан өмсөхөд тохиромжтой гутлууд хийдэг. Эсгий түрийт, нохой гутал, эрэгтэй гоёлын гутал, энгийн хромнууд гээд дандаа түрийтэй гуталнууд хийдэг. Мөн хүүхдийн гутал хийнэ. Хром хамгийн их захиалгатай. Хромны материал нь арьс байдаг. Эдэлгээ сайтай, хөдөөний хүмүүс их өмсдөг.

Ж.Эрдэнэсувд: Сүүлийн үед эмэгтэй гутлын захиалга их байгаа. Эмэгтэй гутал өртөг өндөртэй болохоор одоогоор хийж чадахгүй л байна. Санхүү, орлого их бол бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх боломжтой л байна. Хэрэглэгч гэвэл ойролцоох сумдын хэрэглэгчид, тэдний захиалга байдаг. Биндэр, Батширээт, Норовлин гээд сумдад байнга захиалдаг хэрэглэгчидтэй болсон байна.

Захиалгаас өөр борлуулалтын суваг юу байна?

Ж.Эрдэнэсувд: Гутлын үйлдвэрлэл эхэлснээс хойш арваад жил болж байгаа болохоор аймгийн үзэсгэлэн худалдаанд бол байнга оролцдог.

Энэ бизнесийг эрхлэхэд хүндрэлтэй асуудлууд хэр тулгарч байна?

Д.Баасанжав: Хөдөө суманд үйлдвэрлэл эрхлэхэд банкны зээл олдох нь илүү санагддаг. Харин яг жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сум орон нутгийн төсөл, зээл бол ерөөсөө олдохгүй хэцүү байдаг. Бид аймгаас нэг удаа зээл авч байсан. Дэмжих нь ч илүү байдаг.

Ажлын ачаалал хэр байдаг вэ? Одоо бол хүмүүс та хоёрыг андахгүй мэднэ биз?

Ж.Эрдэнэсувд: Өмнөдэлгэр сумандаа төдийгүй хөрш зэргэлдээх сумынхан андахгүй. Захиалагчдын ихэнх нь байнгын үйлчлүүлдэг хүмүүс. Танай гутал сайн, эдэлгээ урттай гээд эргэж захиалж их авдаг.

Д.Баасанжав: Үйлдвэрлэлийн хамгийн их ачаалалтай үе нь өвлийн улирал байдаг. Энэ үеэрээ сумынхаа хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган ажилуулдаг юм. Б.Батзоригийн маань гэр бүлийнхэн сонсголын бэрхшээлтэй, хоёр хүүхэдтэй. Тэд зундаа хөдөө мал малладаг, өвөл төвд ирж амьдардаг. Тэр үеэрээ бидэнтэй хамт ажилладаг юм. Манай хоёр чинь их бүтээлч. Гутлын материалын үлдэгдэл арьсаар түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйлс, ахуйн хэрэглээний тогооны бариул зэрэг хийж борлуулдаг.

Үйлдвэрлэгчдийн хувьд ажлын байр хамгийн хүнд асуудал байдаг. Та хоёрын хувьд?

Ж.Эрдэнэсувд: Ажлын байрны хувьд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Сум орон нутгаасаа ажлын байрны байршил буюу газрын асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргадаг боловч шийдвэрлэж өгөөгүй л байна. Бидний хувьд нэн тэргүүний зорилт маань үйлдвэрлэл явуулах байртай болох асуудал. Үйлдвэрлэлийн байртай болвол хийх зүйл их байна. Тухайлбал, сургуулийн хүүхдүүдэд оёдол заах боломж байна. Ер нь бодсон санасан зүйл их бий.

Б.Батзоригийн гэр бүл илүү гарсан материалаар чинь юм хийж байгаад ажиллахаа больсон үед тэр материалаа яадаг юм бэ?

Ж.Эрдэнэсувд: Бид сумынхаа хүүхдүүдэд хөдөлмөрийн хичээл дээр нь үйлдвэрлэлийнхээ чиглэлээр юм заана. Хаягдал материал ашиглан хэрэглээний зүйлс хийхийг зааж өгдөг. Заримдаа хүүхдүүд маань өөрсдөө энд хүрээд ирдэг. Хүүхдүүд их хөөрхөн хөөрхөн зүйлс хийдэг.

 

Сумандаа сайхан амьдрахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж, ирээдүй хойчоо сургах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үйлсэд хичээл зүтгэл гарган яваа Д.Баасанжавын гэр бүлд баялаг бүтээлээр арвин байж, түмэн олноо хөлд эвтэйхэн, дулаахан гутлаар хангах ажил нь өөдрөг байхыг ерөөе. Ард иргэдээ дэмжин, сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө сум орон нутгийн удирдлагууд, хариуцсан мэргэжилтнүүд маань чин сэтгэлээсээ ажиллаж, эзнээ олсон зээл тусламжид гараа сунгаж байгаасай гэж хүснэм.

 

Ярилцсан Н.Энхжаргал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.