Хан Хэнтий уулын аймаг 95 нас хүрлээ


Хан Хэнтий уулын аймаг 95 нас хүрлээ
2018 оны 03 сарын 25. 11 цаг 49 минут

Монголын үндэсний ариун голомт, онгон шүтээн Бурхан Халдун хайрхан, амьдралыг тэтгэгч рашаан ус, гурван их мөрөн - Хэрлэн, Онон, Туул, эртний түүхт дорнод монголын уул толгод, ой хөвч, тал хээр, говь … Яагаад ч салгаж болшгүй, юугаар ч төлөөлүүлж сольшгүй, яаж ч маргашгүй Богд эзэн Чингисийн Монголын нэгээхэн хэлтэрхий, нэр нь хүртэл аугаа сүрлэг ариухан- Халхын Сэцэн хан аймаг- Хан Хэнтий уулын аймаг – Хэнтий аймаг мину. 
Хан Хэнтий нутгийн хүү, Түүхийн ухааны доктор Буяндэлгэрийн Өлзийсүрэн

Түүхийн хуудаснаас:

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ

Эрт, дундад үеэс монгол нутаг Дорнод гар /Зүүн жигүүр/, Өрнөд гар /Баруун жигүүр/, Төв /Гол/ гэж газар зүй- засаг захиргааны талаар 3 хуваагдаж байсан ба шинэ цагт Дорнод Халх, Төв Халх, Өрнөд Халх гэж хэлэлцэж бичиглэж байв. Дорнод Халхыг 17-20-р зууны эхэн хүртэл Халхын Дорнод зам, Сэцэн хан аймаг, Хэрлэн барс хотын чуулган, Хан Хэнтий уулын чуулган гэж албан ёсоор нэрийдэж иржээ.  
Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн үед Ар монгол нь “Халх долоон хошуу” гэдэг бие даасан долоон Засаг хошуунд хуваагдаж байсны дотроос 16 дугаар зууны эцсээр гурван Засаг ноён бусад засаг ноёдыг мэдэлдээ оруулан захирч товойн гарахыг оролджээ. Энэ гурвын нэг нь Сэцэн хан бөгөөд ингэж Халхын Сэцэн хан аймаг үүссэн болой.
Ар монголын Засаг захиргааны зохион байгуулалтын нэг хэсэг болж тогтсон тэр үеэс Цэцэн хан Өмхэйгээс Навааннэрэн хүртэл 16 хан дараалан суужээ. 

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМГИЙГ ҮЕ ЗАЛГАМЖЛАН ЗАХИРСАН 16 ХАН

1.    Шолой Сэцэн хан /1577-1655/ - Шолой 1627 оны үед буюу 50 настай байхдаа эцгээсээ үе залгамжлан үлджээ. Шолой Сэцэн хан 11 хөвгүүдтэй байсан нь Мацгир, Цэвдэн, Чивури, Лавурид, Баву, Чосгив, Бумба, Сардаш, Далай жонон, Бадамдаш, Буджав нар юм. Шолой Сэцэн хан эебээр засагчийн 12-р он буюу 1655 онд нас баржээ. 
2.     Баву /1655-1683/ - Шолой Сэцэн ханы 5-р хүү. Энх-Амгалангийн 22-р он буюу 1683 онд нас баржээ.
3.    Норов /1683-1701/ - Бавугийн 3-р хүү. Энх-Амгалангийн 30-р он буюу 1701 онд нас баржээ.
4.    Өмөхэй /1701-1709/ - 1701 онд Өмөхэй 10 гаруй настай байсан тул түүнийг Мацгирийн хүү Намжил Эрдэнэ тайж хүмүүжүүлж байжээ. Өмөхэй нэрээ Сономдорж хэмээн өөрчилсөн бололтой. Сэцэн ханы угийн бичигт Соном гэдэг нэрээр оржээ. Сономдорж Энх-Амгалангийн 38-р он буюу 1709 онд нас баржээ.
5.    Гүнчин /1709-1728/ - Өмхэйн ахмад хүү. Найралт төвийн 6-р он буюу 1728 онд нас баржээ.
6.    Цэвдэнбайнжуур /1728-1735/ - Гүнчингийн ахмад хүү, Халхын сэцэн ханы тамга хэмээх манж, монгол үсгийн тамгаар шагнагдаж байсан. Мөн тушаал гутаасны учир хэргэмийг эвдэж, өөр хүнд төрийг шилжүүлжээ. Өмөхэйн үеэл дүү буюу Сэцэн хан агсан Норовын ач /эцэг нь Пунцаг тайж/ Чойжавт залгамжлуулжээ. Үүнээс гадна Цэвдэнбайнжуур үр төрүүлж чадаагүй ба Чойжав төр бариад удалгүй, хан суусан жилдээ буюу 1735 онд нас баржээ.
7.    Дамиран /1735-1751/ - Гүнчингийн 2-р хүү. Тэнгэр тэтгэсний 16-р он буюу 1751 онд нас баржээ.
8.    Манибадар /1751-1767/ - Дамирангийн ахмад хүү, Тэнгэр тэтгэсний 32-р он буюу 1767 онд нас барсан.
9.    Цэвдэнжав /1767-1788/ - Дамирангийн 2-р хүү, Тэнгэр тэтгэсний 53-р он буюу 1788 онд нас баржээ.
10.     Цэвээндорж /1788-1796/ - Цэвдэнжавын ахмад хүү, урт наслаагүй. Тэнгэр тэтгэсний 60-р он буюу 1795 онд нас барж, түүний ганц хүү Пунцагдорж залгамжилсан ч тэр жилдээ буюу Сайшаалт ерөөлтийн тэргүүн он- 1796 онд нас баржээ.
11.    Санзайдорж /1796-1800/ - Сэцэн хан агсан Чойжавын 2-р үеийн ач. Сайшаалт ерөөлтийн 5-р он буюу 1800 онд нас баржээ.
12.    Махашири /1800-1807/ - Пунцагдоржийн их авга. Сайшаалт ерөөлтийн 12-р он буюу 1807 онд Сэцэн хан үгүй болсны учир түүний хүү Энхтөр залгамжилсан ч хоёр нүд харахгүй болж чөлөөлөгдөв.
13.    Артсэд /1807-1874/ - Энхтөрийн хүү. Бүрэн засагчийн 13-р он буюу 1874 онд нас барсан.
14.    Цэрэндорж /1875-1893/- Артсэдийн хүү. Бадруулалт төрийн тэргүүн 1875 онд залгамжлав. Бадруулалт төрийн 19-р он- 1893 онд нас барсан.
15.    Дэмчигдорж /1893-1910/- Цэрэндоржийн ахмад хүү. Хэвт ёсны 2-р он буюу 1910 онд нас баржээ.
16.    Навааннэрэн /1910-1922/- Дэмчигдоржид залгамжлах үр байгаагүй тул Артсэдийн хүү Оржинжав, түүний хүү Цэрэндондовын ууган хүү, тэргүүн зэргийн тайж 23 настай Навааннэрэнг залгамжлуулав. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант Монгол улс байгуулагдсанаар Сэцэн ханд уламжлуулан олгосон цол хишиг нь 31 зэрэг нэмсэн, 20 удаа тэмдэглэсэн гурван нүдний тогос отго, үе улируулан ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо эдлэх Махсамид далай Сэцэн хан, Шүүх Яамны сайд гэж өргөмжлөн тохоон томилжээ. Навааннэрэн ардын засаг төрийн үед мөн Гадаад Яамны асуудал эрхэлсэн түшмэл, Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэгч, Хоршоодын холбооны өр нэхэмжлэгч байсан бөгөөд МАХН-ын 3-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан, 1937 онд хилсээр баривчлагдан цаазлагджээ.
      
Сэцэн ханы тамгыг 1720 онд хаан Цэвдэнбанжуурын үед анх олгосон байна. Мөн тэр үед халхын “Хэрлэн барс хотын чуулган”-ы тамгыг олгожээ. Чуулганыг 3 жилд нэг удаа хийж, чөлөө цагт нь харъяат засаг ноёд жасаалан сууж хэрэг шийтгэдэг байв. 
1691 онд халх Монгол Манжийн захиргаанд орж, ар монголын 7 хошууг 3 аймаг, 86 хошуу болгон Сэцэн хан аймгийг “Халхын дорно зам” гэж нэрлэн 23 хошуу болгон хуваажээ. 
1841 оны мэдээгээр, тамга барьсан 23 засаг ноёд тус бүртээ 210 гаруй хамжлага захирч, тэднээс гадна үе улиран хамжлага эзэмшсэн тайж язгууртан, шавь эзэмшсэн хутагт хувилгаад дээд лам нар байв. Хамжлага шавь нар бол ийнхүү ноёд тайж хутагт хувилгаадад алба төлж, ажлы нь хийхээр харъяалагдсан өрх бөгөөд албат бол улсын алба, татвар, өртөө харуулын алба гүйцэтгэдэг иргэд байлаа. 1841 оны тоо бүртгэлээр Цэцэн хан аймаг нь 1 сая 245 мянган мал, 263774 хүн амтай байжээ.
Өртөө нь гол төлөв Монголын баруун зүгт оногдож байсан тул Сэцэн хан аймгийн хошуудаас тийш одож өртөөний алба залгуулж байжээ. Харуулын алба нь Оросын хилийн дагуу Минж харуулаас Манжуур хүртэл 20 гаруй суурь харуулын албанд Цэцэн хан аймгийн хэдэн зуун өрх айл дайчлагдаж, нэг суурь харуулд 20 цэрэг, нэг занги, гэр орон мал хөрөнгөөрөө дагнан суудаг байв. 
Манжийн 200 жилийн дарлал, дотоодын хар шар феодалуудын мөлжлөгт нэрвэгдсэн монголын ард түмэн өөрсдийн тэмцлийг удирдах зохион байгуулалттай хүчин болох намын анхны эх үүсвэр- нууц бүлгэмүүдийг 1919 оны эцсээр байгуулж, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан нар бүлгэмийнхний дотор товойн гарч, улмаар Ардын хувьсгалт нам, ардын ардчилсан засаг төрийг үндэслэн байгуулсан билээ. Ардын хувьсгалыг өрнүүлсэн хүмүүсийн дотор Цэцэн хан аймгийн харъяат хүмүүс цөөнгүй бөгөөд Д.Сүхбаатар бол Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, Х.Чойбалсан бол мөн аймгийн Сан бэйсийн хошууны харъяат байв. Түүнчлэн Цэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дарьзавын Лосол, Далай вангийн хошууны Дансрангийн Догсом, Магсарын Дугаржав, Лха жонон вангийн хошууны Базарын Пунцаг нарын олон хүнийг дурдаж болно. 
Д.Лосол, Д.Догсом нар бол анхны нууц бүлгэмийн гишүүд бөгөөд хоёулаа Д.Сүхбаатарын хамт Зөвлөлт Орос улсыг зорьсон анхны 7 хүний тоонд орсон, Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумын харъяат хүмүүс. Б.Пунцаг нь ардын журамт цэргийн анхны хороон дарга, М.Дугаржав нь Д.Сүхбаатарын хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, улс төрийн үйл хэрэгт зүтгэж байсны хамт гарамгай сайн дуучин, хөгжмийн зохиолч хүн байв. Түүний зохиосон “Жавхлант сүрэг”, “Идэр жинчин”, “Баян монгол”, “Үхэрчин хүү” зэрэг олон алдартай дуунууд бий. О.Жамъян бол Хан Хэнтий уулын аймгийн Ачит вангийн хошууны хүн бөгөөд хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, их удирдагч Д.Сүхбаатарт хэл бичиг, тооны ухаан зааж байсан анхны багш нь юм. 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусгамж гуйх тухай бичгийн эхийг Жамъян гуай зохиосон гэдэг.

ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАН НЬ

Сэцэн Хан аймгийн чуулган даргын газраас тус аймгийн орон нутгийн захиргаадын төлөөлөгчдийн хурлыг зарлан 1923 оны 9 дүгээр сарын 26-нд нээн хуралдуулжээ. Хуучин Хан Хэнтий уулын чуулган даргын газар, жанжин, түүнийг дагалдах жасааны оронд олон хошуу шавийн ард түмний төлөөлөгчдийн Хурлын тогтоол ёсоор өөрчлөн байгуулсан шинэ Хан Хэнтий уулын аймгийн захиргааг зохион байгуулжээ. Аймгийн захиргаа нь, 1. Захиран тушаах хэлтэс, 2. Цэргийн хэлтэс, 3. Санхүүгийн хэлтэс, 4. Зарга шийтгэх /шүүн таслах/ хэлтэстэй байжээ. Аймгийн яам 29 нэгж орон тоотой, түүний дотор хэлтсийн эрхэлсэн түшмэд 4, хэлтсийн туслах түшмэл 4, данс эмхлэх жинхэнэ бичээч 1, туслах бичээч 8, эд аж ахуйн нярав 1, галч 3, ажилчин 2, зарлага 6 байжээ. Аймгийн даргад 75 лан, жинхэнэ гишүүн бөгөөд захиран тушаах хэлтсийн эрхэлсэн түшмэлд 65 лан, жинхэнэ бичээчид 30 лан, галч ажилчин хүмүүст 17 лан мөнгөний цалинг сард олгож байхаар төлөөлөгчдийн хурлаас тогтоож, аймгаа “Сэцэн хан аймаг” гэж байсныг “Хан Хэнтий уулын аймаг” гэж нэрлэхээр шийдвэрлэжээ.
Аймгийн чуулганы газраас 1923 оны 9 сарын 28-нд Ардын Засгийн газарт ирүүлсэн 2117 тоот бичигт, “… дүрэм хэмжээг дагаж олон хошуу шавиас томилон ирүүлсэн төлөөлөгчид манай чуулганы газар хуралдаж, 9 сарын 26-нд 4 хэлтэс хуваан зохиож хэрэг шийтгэсэн бөгөөд хэлэлцсэн хэрэг зүйлийн тогтоол дансыг хоёр хувь үйлдэж хурлын гишүүд тус тусын гарын үсгийг зурж … хүргүүлэв” гэжээ. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсан тухай энэ бичгийг Ардын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар хурлын нэгдүгээр зүйлд хэлэлцэж баталсан байна. Үүнээс үзэхэд Хан Хэнтий уулын аймаг 1923 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагджээ.
Хан Хэнтий уулын аймаг нутгийн захиргааны дүрмийг баримтлан засаг захиргааны зохион байгуулалтын талаар хошуу 25, тамгатай хутагтын шавь 2, сум 109, баг 328, арван гэр 1643-т хуваагдан байгуулагдсан байна. Нутаг дэвсгэрийн талаар хуучин Сэцэн хан аймгийн нутгийг хэвээр харъяалсан бөгөөд 90707 хүн амтай, бодоор гаргасан 67962 малтай байжээ.
Хан Хэнтий уулын аймгийн анхны даргад Буяндэлгэрийн Намсрайжав заланг сонгосон бөгөөд ард гаралтай энэ хүн Дайчин бэйсийн /Батноровын/ хошууны хүн байжээ. 
Хан Хэнтий аймгийн анхдугаар хурал 1924 оны 9-р сарын 2-7 хүртэл хуралдаж, нутгийн захиргааны өөрчлөлт, халдварт өвчнийг устгах, гааль түрээсийн тухай, өртөө шуудангийн ажлыг сайжруулах зорилгоор Онон, Хэрлэн голд гүүр тавих, зэлүүд хээр талын бэлчээрт худаг гаргах, бичгийн ба түүх соёлын дурсгалт зүйлсийг хайрлан хамгаалах, сургууль соёлын ажлыг ажлыг хөгжүүлэх, улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдийг сонгох зэрэг 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. 

ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН ХОШУУД:

1926 оны тоо бүртгэлийн мэдээгээр Хан Хэнтий уулын аймаг хошуудыг нэгтгэн цомхтгож, буриад хошууд нэмэгдээд 22 хошуудтай болсон байна.
1.    Өндөрхаан уулын хошуу /хуучин нэр нь -Халхын Махсамид далай цэцэн ханы хошуу/- 1926 оны тоо бүртгэлээр 6 сум, 19 баг, 97 арванд хуваагдаж, 964 өрх, 4837 хүн ам, 285 мянган малтай байв. Үүнээс гадна жасын 40 мянган мал байжээ. Энэ хошуу нь одоогийн Баянхутаг, Мөрөн, Идэрмэг сум багийн нутгийг хамарч байв.
2.    Халх голын хошуу /Илдэн засаг төрийн жүн вангийн хошуу/ – 7 сум, 22 баг, 109 арван гэр, 5398 хүн ам, 145 мянган малтай байсан, одоогийн Дорнод аймгийн Халх гол сум. 
3.    Оцолсансар уулын хошуу /Цэцэн засаг төрийн жүн вангийн хошуу/– 16 сум, 48 баг, 244 арван гэр, 2400 өрх, 16137 хүн ам, жасын мал нийлээд 480 мянган малтай байсан, одоогийн Төв аймгийн Нялга, Говьсүмбэр, Говь-Угтаал, Баянцагаан, Дорноговь аймгийн Дэлгэрхэт, Дэлгэржаргалан, Айраг, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Хэнтий аймгийн Дархан сумын хагасыг хамарч байжээ.
4.    Мөнххаан уулын хошуу /Эрдэнэ далай вангийн хошуу/ – 41 сум, 203 арван гэрт хуваагдаж, 10456 хүн ам, жасын мал нийлээд 540 мянган малтай байв. Дорнод аймгийн Мөнххаан, Баянтэрэм сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын хагас нутгийг хамарч байжээ.
5.    Галшар уулын хошуу /Бишрэлт вангийн хошуу/- 8 сум, 22 баг, 112 арван, 5390 хүн ам, 120 мянга гаруй малтай, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Өлзийт сумдын нутгийг хамарч байв.
6.    Биндэръяа хан уулын хошуу /Дайчин жонон вангийн хошуу/- 13 сум, 39 баг, 195 арван гэртэй, 10738 хүн ам, 447 мянган малтай – Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Батширээт сум ба Өмнөдэлгэр сумын хагас орж байв.
7.    Баянтүмэн уулын хошуу /Ачит вангийн хошуу/ - 12 сум, 36 баг, 182 арван, 11402 хүн ам, 330 гаруй мянган малтай, Дорнод аймгийн Булган, Хөгнө, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарч байв.
8.    Баянмөнх уулын хошуу /Ёст бэйсийн хошуу/- 4 сум, 13 баг, 60 арван гэрт хуваагдаж, 4267 хүн ам, 90 мянган малтай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийг хамарч байсан
9.    Батноров уулын хошуу /Дайчин бэйсийн хошуу/ - 4 сум, 12 баг, 58 арван гэр, 6889 хүн ам, 90 гаруй мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын хагас нутаг орж байв. 
10.    Дашбалбар уулын хошуу /Зоригт бэйсийн хошуу/ - 5 сум, 17 баг, 84 арван гэр, 3217 хүн ам, 104 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх, Дэлгэрхаан сум болно
11.    Батхан уулын хошуу /Эрдэнэ гүнгийн хошуу/- 3 сум, 81 баг, 42 арван гэр, 2306 хүн ам, 56000 малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Булган сумын хагас 
12.    Дархан уулын хошуу /Ахай бэйсийн хошуу/- 4 сум, 12 баг, 58 арван гэр, 2571 хүн, 70 мянган малтай, Хэнтий аймгийн Дархан, Мандал сумд орж байв.
13.    Эрдэнэцагаан уулын хошуу /Егүзэр хутагтын шавь/- 2 сум, 7 баг, 35 арван гэр, 1753 хүн, 126 мянган малтай, Сүхбаатар аймгийн Зотол, Урт сумын нутгийг хамарч байсан
14.    Очирсүмбэр уулын хошуу /Ялгуулсан хутагтын шавь/- одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сум. 1 сум, 4 баг, 20 арван гэр, 1102 хүн, 95 мянган малтай байсан
15.    Амгалан хан уулын хошуу /Манлай вангийн хошуу/ - Хөлөнбуйрын баргаас тасарч орж ирсэн. Одоогийн Дорнод аймгийн Гурван загал сумын хагас.
16.    Матад хан уулын хошуу /Үйзэн вангийн хошуу/ - 4 сум, 13 баг, 65 арван гэр, 5192 хүн, 128 мянган малтай, Дорнод аймгийн Матад, Аржаргалант сум
17.    Баянзүрх уулын хошуу /Баатар вангийн хошуу/- 8 сум, 41 баг, 435 мянган малтай, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сум
18.    Дарьгангын хошуу – Монгол улс манжаас тусгаарласны дараа манж хааны хувийн сүргийг хариулж байсан энэ хошуу автономит Монголд дагаар орж ирсэн. 160 мянган малтай байж, одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Хонгор, Баяндэлгэр, Халзан, Асгат сум
19.    Онон голын буриад хошуу – 10 сум, 29 баг, 46 арван гэр, 5961 хүн,   87000 малтай, одоогийн Хэнтий аймгийн Дадал сум, Биндэр, Батширээт сумын хагас
20.    Улз голын буриад хошуу – 4 сум, 12 баг, 183 арван, 1564 хүн амтай, 259 мянган малтай одоогийн Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сум
21.    Халх нөмрөгийн буриад хошуу – 4 сум, 12 баг, 59 арван гэр, 2398 хүн ам, 170 мянган малтай, одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сум.
22.    Хэрлэн голын буриад хошуу – 2 сум, 7 баг, 36 арванд хуваагдаж, 1345 хүн ам, 22 мянган малтай, одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хагас


ХЭНТИЙ АЙМАГ

Хан Хэнтий уулын аймагт одоогийн Хэнтий аймгаас гадна Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Дорноговь, Дундговь, Төв аймгуудын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг хамаарч байв. 
1930 оны 7 сарын 1-нд “Хэнтий хан уулын аймгийн яамнаас олон хошуудын төлөөлөгчийг хуралдуулах нутгийн захиргааны үндсийг өөрчлөх тухай” хурлыг аймгийн дарга Баярсайхан удирдан нээлгэсэн анхдугаар онц хурлын тогтоолд гурван аймгийн нутгийн хагалбарыг тогтоох тухай комиссыг байгуулжээ. Ийнхүү засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар Хан Хэнтий уулын аймаг нь Хэнтий, Дорнод хоёр аймагт хуваагдаж, зарим сум нь бусад аймагт шилжжээ. Ингээд Хэнтий аймаг 27 сумтай, 53,7 мянган хүн амтай, 1,8 сая толгой мал, 101725 хав дөр км нутаг дэвсгэртэй болов. Мөн 1941 оны засаг захиргааны шинэчлэлтээр Хэнтий аймаг 89 мянган хав дөр км нутаг дэвсгэртэй болсон.
Хэнтий аймгийн анхны 27 сумын нэр
1.    Дадал
2.    Баян
3.    Өмнөдэлгэр
4.    Дундбаян
5.    Харз дунд бүрд 
6.    Баян-Овоо, 
7.    Уулбаян
8.    Мөнххаан
9.    Эрдэнэ
10.    Дархан
11.    Түвшинширээ
12.    Баян-Улаан
13.    Биндэръяа
14.    Өлзийт
15.     Баянмөнх
16.    Цэнхэрмандал
17.    Баянхонгор
18.    Буянтбулаг
19.    Мандал
20.    Түдэгтэй
21.    Балж 
22.    Хэнтий
23.    Идэрмэг
24.    Мөрөн
25.    норовлин
26.    Баянтэрэм
27.    Дэлгэрхаан

Эдүгээ Хэнтий аймаг 80,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 67,7 мянган хүн амтай, засаг захиргааны 18 сум, 83 багтай.

АЙМГИЙН БАЙРШИЛ, БАЙГАЛЬ
Хэнтий аймаг ой тайга, уул нуруу, тал хосолсон 80,3 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, Дорнод, Сvхбаатар, Дорноговь, Говьсvмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай хил залгадаг. Монгол орны хойд талаас Сибирийн ой тайга уулсыг даган өмнө зvг тvрж, өмнө талаасаа Төв Азийн хээр тал хөндий хотосыг дамжин умард руу гvн нэвтэрч газар зvйн орчныг маш өвөрмөц завсрын шинжтэй болгодог. Тус аймгийн нутгийн зvvн хойд захын 4157 ам. дөр. км талбайг 2000 онд Онон – Балжийн байгалийн цогцолбор газар болгосон. Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун уул Хэнтий нурууны төв хэсгийн Хэрлэн, Онон, Туул болон тэдгээрт цутгадаг голуудын эх авсан, тайгын бvслvvрийн онгон байдлыг хадгалсан 12271 ам. дөр. Км талбайг 1992 оноос дархлан хамгаалсан. Энэ нутагт архелогийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан Ихэсийн хориг зэрэг тvvх соёлын дурсгалууд байдаг. Монголын Дорнод тал vргэлжилсээр зvvн хойд хэсэгтээ уулт хээрт шилжих 4700 ам. дөр. Км газрыг нутгийнхан Тосон Хулстай гэмээн нэрлэдэг. 1998 оноос байгалийн нөөц газар болгосон. Хар ямаат, Тvмэнцогт зэрэг 1350 м орчим өндөр уулсын орчны нутаг бага зэрэг ой модтой уулт хээрийн ландшафт, геологийн тогтоц чулуулгын хувьд сонирхолтой иж бvрдлийг vvсгэсэн 506 ам. дөр. Км нутгийг 1998 оноос байгалийн газар болгосон.
Нутгийн хойд хэсэгт ус ундарга бүхий гол мөрөн үүсгэсэн, ой тайгаар хучигдмал Хэнтий хан уул орших бөгөөд дунд хэсэгт хадлан бэлчээр арвин хөндий нутаг хээрийн бүслүүр үргэлжилж, өмнө ба баруун тал нь агь таана, харгана бударгант говирхог нутагтай. 
Хэнтий нутаг бол түүх дурсгалын үлэмж өв уламжлалтай учраас улсын хэмжээнд хамгийн их судлагдсан газар гэж үздэг. 
Хан Хэнтийн нуруу- 1000 гаруй хав дөр км талбайг эзэлж, хамгийн өндөр оргил нь Асралт хайрхан далайн түвшнээс дээш 2751 метр өндөр юм. Хэнтийн нуруу зүүн хойноос баруун урагш чиглэн тогтсон, баруун тийш Бага Хэнтий, зүүн тийш Их Хэнтийн нуруу салбарлана. Хэнтийн нуруунаас Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голууд эх авдаг. 
Онон Хэрлэнгийн сав – Онон, Хэрлэн гол нь Хэнтий нутгийнхны амьдралд онцгой ач холбогдолтой. Онон голын монголын нутгаар урсах 298 км нь бүхэлдээ Хэнтий нутагт хамаарна. Ононгийн баруун гараас Эг, Харх, Хурх, Шуус, зүүн гараас нь Барх, Балж, Агацын голууд нийлнэ. Хэрлэн гол нь өмнө зүг чиглэн хээрийн нам дор нутагт очиж, тэндээс дорно зүг эргэн монголын хил дотор 1090 км урсч, гадаад их далай руу зорино. Хэрлэнгийн гуравны хоёр хувь нь Хэнтий нутагт ногддог. Хэрлэнд Тэнүүн, зүүн Тэрэлж, Илүүр, Цэнхэр, Мөрөн зэрэг жижиг голууд нийлдэг. Хэрлэн голын хөвөөгөөр үхэр хонин ямаан бургас, газрын хөрсөнд нь боржин, билүү, балтас, барилгын төрөл бүрийн сайн чанарын шавар, мөсөн ба нунтаг шүү хужир элбэг.
Тус аймаг усан ба утаат болор, алт гянт болд, цагаан тугалга, хайлуур жонш, чулуун нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг газрын хөрсөн дорх ашигт малтмалаар баялаг, үзэсгэлэн гоо байгалиараа гайхуулсан нутаг юм. Мөрөнгийн голын савд чулуун нүүрс, Цэнхэрмандалд цагаан тугалга, гянт болд, Батноров, Бэрх, Ямаат, Галшарын нутагт хайлуур жонш элбэг. 
Аймгийн улс төр, эдийн засаг, соёлын төв- Өндөрхаан хотыг Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 136-р зарлиг, Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 1 сарын 5-ны өдрийн тогтоолоор Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан хот гэж нэрлэхээр тогтоосон байна. Өндөрхаан хот бол Хан Хэнтий уулын аймаг байгуулах хүртэл Сэцэн ханы өргөө нэртэй байсан бөгөөд халхын Сэцэн ханы 13 дахь үеийн Артсэдийн хан ширээнд сууж байсан үед 1826 онд дээд хаадын шүтээнийг Талын буудал гэдэг газраас нүүлгэж, Өндөрхаан уулаас урагш Хэрлэн голын хөвөөнөө Цагаан эрэг гэдэг байгуулав гэсэн мэдээ бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.