Хэнтий аймгийн аялал жуулчлалын эвентүүд


Хэнтий аймгийн аялал жуулчлалын эвентүүд
2018 оны 10 сарын 31. 01 цаг 11 минут

Гал тахилга-Биндэр сум

    Нүүдэлчин монголчууд галыг шүтэн тахиж ирсэн өнө эртний уламжлалтай ард түмэн. Монголын нутагт байсан эртний төрт улс Хүннү нар жилд гурван удаа тахилга тайллага хийдэг байсан тухай түүхэнд бичигдэн үлджээ. Түүнээс өмнө овог аймгаараа гал голомтоо бадрааж тэр гал голомтыг тойрон нэгдэж явсан эртний зан үйлийн уламжлалтай байж. 
Гал тахилгын зан үйлийг нутаг усаа ган зудгүй, ард олноо өвчин зовлонгүй, эрүүл энх, элбэг хангалуун байхыг билэгдэн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 2005 оноос эхлэн 3 жил тутам 1 удаа зохион байгуулж хэвшсэн. Энэхүү үйл ажиллагаа нь Монголын нууц товчоонд гардаг “Эсгий туургатан улс энх шударга болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан цолыг өргөв” хэмээн өгүүлэгдсэн, 1206 онд Чингис хаан их хуралдайг зарлаж, Их Монгол улсыг тунхагласан газарт болдог. Тус арга хэмжээнд Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд гадаад дотоодын олон жуулчид хамрагддаг. Гал тахилгын зан үйлд оролцсоноороо Монголын уламжлалт соёл болон бөөгийн шашны зан үйл, МНТ-нд гардаг газар нутаг болон Монголын тулгар төрийн голомт нутгийн байгалийн сайхныг бахдана.

Мөсний шагай харваа-Биндэр сум


    Мөсний шагайн харваа нь Монголчуудын эв нэгдлийг билэгдсэн уламжлалт ардын наадгай юм. Монголын нууц товчоонд Тэмүжин Жамухатай Онон мөрний мөсөн дээр шагалцахуйд гурын шагай, цутгамал шагай солилцож анд барилцсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хэнтий аймгийн Биндэр суманд жил бүрийн 01 сарын 08-09-ний өдрүүдэд цас мөсний баяр, мөсний шагайн тэмцээн зохион байгуулагддаг. Энэхүү үйл ажиллагааны үеэр өвлийн спортын цана, чарга, тэшүүр, хоккейн тэмцээн зэрэг спортоор өрсөлдөхөөс гадна “Анд барилцах үзүүлбэр” үзэх, Онон мөрний харзанд орох, байгалийн үзэсгэлэнт газарт зургаа татуулах зэрэг олон хөтөлбөрийг нэг дороос сонирхон үзэх боломжтой.

Талын түмэн адуу эвент-Батноров сум


    Монголчуудын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” өдөрлөг Хэнтий аймгийн Батноров суманд жил бүрийн 11-р сард зохиогддог.  Өдөрлөгийн үеэр адуучдын хээрийн цайллага, богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан хүлгүүдийн танилцуулга, адууны зүс нэршлийн тэмцээн, ховор зүстэй адууны үзүүлбэр, уран уургач бугуйлч шалгаруулах, эмнэг булгиулах тэмцээнүүдээс гадна алдарт Тожил хийцийг өвлөн хөгжүүлж буй уран дархчуулын хийсэн адууны тоног хэрэгслийн болон гэрэл зургийн үзэсгэлэн, зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг урлаг соёл, зан үйлийн үзвэрүүд уран уургач шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах үзүүлбэр, тал нутгийн тайга нохойн уралдаан, малчдын өвөлжөөтэй танилцах аялал болдог.

    Тогорууны баяр


    Тогорууны баяр эвент үйл ажиллагааг Олон улсын тогорууны сан, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан БОНХЯ, Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ-тай хамтран Биндэр суманд 2014 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 13-ны өдөр зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа Цэн тогоруу мөн ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулахад оршдог. Дэлхий дээр 5 төрөлд хамаарах 15 зүйл тогоруу тохиолддогоос Монгол оронд нэг төрлийн 6 зүйл тогоруу бий аж. Тогорууны баярт оролцсоноороо үзэсгэлэнт шувуудыг харан баясч, гэрэл зургийг дурандаа буулгаж, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлст дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг. Уг арга хэмжээний үеэр Монгол түмний уламжлалт соёл болсон үндэсний бөх, сур харваа, хурдан морины уралдаан, нүүдэлчин Монголчуудын ахуйг харуулсан зан үйл, Чингис хаан Их хуралдай зарлаж, Их Монгол улсыг тунхаглаж байсан үйл явцыг харуулсан үзүүлбэрүүд болж хурсан олныг хөгжөөн баясгадаг. Түүнчлэн Монгол, Орос, Америк, Япон, Солонгос орны сурагчдын гар зургийн үзэсгэлэн, урлагын тоглолт, байгаль орчин танин мэдэхүйн сургалт зохион байгуулагддаг.

Ёохор наадам


    Буриадын язгуур өв соёлыг аялал жуулчлалын бүтээгдхүүн болгох, Буриад зоны уламжлалт ардын тойрон бүжгийг хойч үедээ өвлүүлэн гадаад дотоодын жуулчдад сурталчлахад чиглэсэн “Ёохор” наадам нь Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүрийн 7 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагддаг. Энэхүү наадмын үеэр хатар жороо морь, богино зайн бооцоот морины уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад айлын нэг өдөр зэрэг Буриадын өв соёл, үндэсний спорт, ахуйг харуулсан олон сонирхолтой арга хэмжээнүүд явагддаг.

Соёл судлаач Б.Эрдэнэсувд

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв